One life авто мото клубын дэргэдэх One life мотоцикл сургалтын төв үйл ажиллагаагаа эхлүүлээд таван жилийн нүүрийг үзжээ. Ингэхдээ нийт 1500 хүнийг сургаж мэргэжлийн мотоциклчин болгосон байна.
Өнөөдөр нийслэлд 6000 гаруй мотоциклчин замын хөдөлгөөнд оролцдог. Тэдний дийлэнх нь мэргэжлийн биш ахуйн хүрээнд унаж сурсан юм. Үүний үр дүнд жилд дунджаар 100 хүн мотоциклын ослоор эндэж, 800-900 хүн бэртэж байна.
Энэ талаар One life мотоцикл сургалтын төвийн үүсгэн байгуулагч Б.Мөнхжаргал, “Манай улсад Япон, Австри, Америк мотоциклыг ихэвчлэн хэрэглэгдэж байгаа. Яг эдгээр мотоцикл дээр сургалтаа явуулаад, стандарт программын дагуу байх ёстой юм байна гэдгийг анх олж харсан. Хотод гардаг ослын талаар судалгаа хийгээд үзэхээр дандаа ахуйн хэрэглээнд унаад сурчихсан хүмүүс хотод осолд өртөөд байна гэдгийг мөн олж харсан.
Ингээд сургалтын төвөө 2016 онд нээж байсан юм. Нийтдээ өнгөрсөн дөрвөн жилийн байдлаар 1500 хүн сургасан гэсэн үг. Эдгээрээс 400 гаруй нь эмэгтэй мотоциклчид байдаг. Мэргэжлийн түвшний хүмүүс энэ сургалтыг заахын давуу тал нь гэвэл ослын тоо багасах. Хятад мотоциклын аваар ослын тоогоор ковид цаашаа хүмүүс эндэж байгаа шүү дээ.
Улаанбаатар хотод 6000 гаруй мотоциклчин хөдөлгөөнд оролцож байгаа. Мотоциклын ач тус давуу талын тухайд гэвэл замын хөдөлгөөн, хотын соёл гэдэг зүйлүүд нэлээн яригдана. Түгжрэлд ордоггүй, эдийн засагт хэмнэлттэй гэдэг үүднээс шүү дээ. Манай сүүлийн үеийн жолооч нар мотоциклчдодоо зам тавиад өгдөг болчихсон. Соёлтой болсон байна билээ.
Эдийн засаг талаас нь аваад үзэх юм бол өнөөдөр 25-30 мянган Хятад мотоцикл Монголд орж ирээд зарагддаг. Энэ мотоциклуудын 95 хувь нь дугаар номер авахгүй явж байгаа. Каск хэрэглэхгүй явж байгаа. Жилдээ энэ асуудлаас болоод 100 хүн тогтмол нас бараад байна. 800-900 хүн бэртэж гэмтээд байна. Эндээс хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа иргэдийн тоо нэмэгдэнэ. Энэ нь эргээд улсаас халамжийн мөнгө аваад байдаг хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мотоциклчдод анхааруулахад Каск гэдэг зүйлийг зайлшгүй хэрэглэх ёстой. Үүнийг цагдаа харах биш, энэ таны амь насыг хамгаалж байгаа юм аа гэдгийг л ухамсарт нь суулгах бидний зорилго.
Нэг амьдрал авто мото клуб нь ТББ гэж явдаг. 2013 онд байгуулагдаад одоогоор үндсэн 60-аад гишүүнтэй. Сүүлийн үед тэмцээн уралдаан зохион байгуулах тал дээр анхаарч байна. Мөн бид машинаар хүрч чадахгүй газруудад бид чөлөөтэй очиж аврах, эрэн хайх үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага, онцгой байдлынхантай хамтарч ажилладаг” гэлээ.