Коронавирусийн халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд 1000 давсан тоогоор нэмэгдэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нийслэлд хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал олны анхаарлыг татаад буй. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар цаашид аль болох хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Манай улсад цар тахлын эсрэг дархлаажуулалт амжилттай үргэлжилж байна. Эрдэмтдийн зөвлөл болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй мэдээллээр вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдийн халдвар авах эрсдэл эрс буурч байгаа тул зургаадугаар сарын 15-наас өвчлөлийн тохиолдол буурна гэж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн яам болон Улсын Онцгой комиссоос хөл хорио тогтоох санал оруулаагүй" гэсэн юм.