Өнөөдөр ЦЕГ-ын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан ЦЕГ болон СЭМҮТ-өөс PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомын сүлжээг хаах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэж байв.
Энэхүү мэдээлэлд залуус шүүмжлэлтэй хандаж өөрсдийн цахим хаягуудаар эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм. Тэд бичихдээ, “БНХАУ-д ч эдгээр тоглоомын сүлжээг хаадаггүй. Манайх ардчилсан гэчхээд Хойд Солонгос аятай байх юм. Хүүхэд байхаасаа л тоглож өслөө. Муудсан зүйл алга. Сүлжээг нь үнэхээр хаавал хүний эрхэнд халдаж байна гэж үзнэ” гэцгээж байв.
Ийнхүү цахим орчинд нэлээн шүүмжлэл өрнөсний дараа ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ хошууч Д.Будзааны яриаг эрс няцааж PUBG CSGO тоглоомуудын сүлжээг хаах хүсэлт ОГТ ТАВИАГҮЙ гэв.
Нэг байгууллагын хоёр мэргэжилтэн өөр өөр зүйл ярьж байгаа нь иргэдэд ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Д.Будзаан хошуучийн өгсөн шуугиан тарьсан мэдээллийг намжааж, Б.Баатархүү хурандаа “ХУДАЛ НЯЦААЛТ” хийв үү. Эрх баригч МАН сонгууль дөхсөн үед элдэв хэл аманд орох дургүй байгаа болохоор цагдаагийнхан шийдвэрээсээ буцав уу?
Түүнчлэн УИХ-аас 2020.01.10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож торгуулийн арга хэмжээ ногдуулахаар болсон. Тэгвэл энэ хоёр хүний хэнийг нь худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгаж хариуцлага тооцох ёстой вэ.