Энэ сарын 31-нд “Ид шидийн орон” төслийн хүрээнд Улиастайн эцэст байрлах асрамжийн төв дээр “Жюү Жицү” спорт клуб нээлтээ хийлээ.
НҮБ-ын хүүхдийн сангийн санхүүжилтээр, Монголын Жюү Жицү холбоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургууль хамтран байгуулсан “Жюү Жицү” клубын бэлтгэл үүгээр эхэлж буй юм. Бэлтгэлд тухайн харьяаны 8-10 насны 30 гаруй хүүхэд хамрагдаад байна.
Энэ үеэр НҮБ-ын хүүхдийн сангийн захирал Алекс хүүхдүүдэд хандан,
Өнөөдрийн энэхүү сайхан үйл ажиллагаанд оролцож байгаадаа тун баяртай байна. Энэ клубыг нээх болсон шалтгаанаа хуваалцъя. Би бие хамгаалах урлагаар 25 жил хичээллэж байна. Миний хувьд хоёр охинтой. Хоёр охиноо төрөхөд нь энэхүү спортоор хичээллүүлнэ гэж бодож байсан. Ингээд 4 наснаас эхэлж хичээллүүлсэн. Тиймээс хүүхдүүдийг ямар нэг эрсдэл тулгарахад өөрийгөө хамгаалах чадвартай байгаасай гэж хүссэн юм. Тиймдээ ч та бүхнийг бие хамгаалах урлагийг сураасай гэж хүсч байна. Өнөөдөр Монгол Улсад хүүхдийн хүчирхийлэл их бий. Мөн хүүхдүүд хоорондоо зодолдох тохиолдлууд их байгаа учраас та нарыг клубд орсонд баяртай байна.
Миний зүгээс хүүхдүүдэд зөвлөх гурван зүйл байна.
- Нэгдүгээрт, хэн нэгэнтэй битгий зодолдоорой, аль болох зайлсхийх хэрэгтэй
- Хоёрдугаарт, хэрвээ чамруу хүн дайрвал өөрийгөө хангалттай хамгаалдаг байгаарай.
- Гуравдугаарт, зодолдох шаардлага гарвал өөрийгөө сэтгэл санаагаараа удирддаг байгаарай” гэлээ.
Мөн нээлтийг хөтөлсөн Жүжигчин А.Өнөржаргал, Миний хувьд Лантуун дохио ТББ-ын “Ид шидийн орон” төслийг сонсож байсан болохоос, анх удаа ирлээ. Энэхүү төсөлтэй танилцаад сэтгэл үнэхээр хангалуун байна. Монголын залуучууд сайхан сэтгэлээр нийлж, нэгдэж хамтдаа ЮМ бүтээж чаддагийг харууллаа. Энэ сайхан хамт олон хүүхдүүдэд бие хамаалах урлаг Жюү Жицүг түгээх энэ үйлсэд нэгдэж, Монголын Жюү Жицүг хөгжих боломжийг олгосонд туйлын их талархаж байна.
Лантуун дохио ТББ-ын захирал Г.Ганбаяр
Юуны өмнө хүүхдүүддээ яг ийм гайхалтай орчин нөхцөл боломж бүрдэж байгаад маш их баяртай байна. Энэ төслийг хэрэгжих боломж нөхцөл бүрдүүлж байгаа ХАС, сургалтыг хариуцаж байгаа Монголын Жюү Жицү холбооны хамт олонд баярлалаа. Энэ бол манай хүүхдүүдэд маш том боломжийг нээж, ирээдүйн гарааг нь гоё цэгээс эхлүүлж буй хамгийн чухал дэмжлэг шүү. Хүүхүүддээ хандаж хэлэхэд, бид нэгнээ хүндэлж сурах, эргээд спортоор дамжин хөгжиж, хүмүүжиж, урагшаа ахиж болдгийн хамгийн том баталгааг та нар бидэнд харуулаарай. Ах эгч нар нь та нарын амжилтаар өөрсдийгөө цэнэглэж, урам авна аа. Танар минь хичээж амжилт гаргаарай. Бие биенээ хайралж, хүндлэлтэй байгаарай гэж захиж байна.
МУБИС-Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан
Энэ төсөл бол их онцлогтой. Өнөөдөр энд байгуулагдаж буй Ид шидийн орон бол Улаанбаатар хотын хүүхдүүдийг ижил тэгш хамрах нөхцлийг хангаж буйгаараа онцлог төсөл гэж бодож байна.
Секц , дугуйлан, төслүүд нь хотын төвд төвлөрч байдаг. Тэгвэл энэ маань эндэх харьяаны хүүхдүүдийг Жюү Жицүгээр хичээллэх боломжийг хангаж байна гэсэн үг.
Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Х. Цагаанбаатар
Би хүүхэд насандаа очсон юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр ах нь яг та нар шиг Дархан-Уул аймагт гэр хороололд өссөн. Усаа аваад, модоо хагалаад, нүүрсээ шигшээд өссөн ч спортоор хичээллэсээр байгаад дэлхийн хэмжээний тамирчин болсон байгаа. Тиймээс хүн хөдөлмөрлөх юм бол амжилтад хүрэх бүрэн боломжтой. Энэ үгээр юу гэх гээд байна вэ гэхээр, сайхан сэтгэлтэй олон хүмүүс та нарт боломжийг бүрдүүлж өгч байгаа учраас бүгдээрээ хичээж хөдөлмөрлөх юм бол, хүүхэд болгон амжилтанд хүрнэ шүүИрээдүйн Олимпийн аварга та нар дунд байгаа гэдэгт итгэлтэй байна.