Европын хөлбөмбөгийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болох Евро-2020 ирэх зургадугаар сарын 12-нд Италийн Ром хотод нээлтээ хийж Европын 12 хотод үргэлжлэн явагдана.
Бид ЕАШТ-д оролцох 24 багийг цувралаар танилцуулж байна.
ЕВРО-2020: Дани улсын шигшээ баг
– Дэлхийн чансаа: 10
– ЕАШТ-нд оролцсон байдал: 8 удаа оролцохдоо 1992 онд алт, 1984 онд хүрэл медаль хүртсэн
– Шигшээ багийн дасгалжуулагч: Каспер Хьюлманд
– Шигшээ багийн ахлагч: Симон Кьер
– Гялалзах од: Йонсан Винд
Умард Европын Ютландын хойгт орших Данийн вант улс нь хөлбөмбөгийн арвин баялаг түүхтэй. ФИФА-н чансаагаар 1997 онд #3 хүртэл дэвшиж, 1998 оны ДАШТ-нд шөвгийн 8-д шалгарч, 1992 оны ЕАШТ-нд түрүүлж байсан зэрэг нь үүний тод илрэл юм. Ялангуяа 1992 оны ЕАШТ-нд тухайн үед өөрсдөөсөө чансаа өндөртэй Франц, Англи болон Шведийн шигшээ багтай нэг хэсэгт орон өрсөлдөж хагасдах шатанд шалгарч, хагас шигшээд Нидерландыг, шигшээ шатанд Германыг хожин аваргын цомыг хүртэж байсан нь түүх болон үлджээ. Хэсэг хугацаанд олон улсын том тэмцээнд тогтвортой оролцож чадахгүй байсан Данийн шигшээ багийн амжилт тогтворжиж байгааг Норвеги дасгалжуулагч Оге Харейдетай холбох ёстой болов уу? Евро-2016 тэмцээний гадна үлдсэн Данийн хөлбөмбөгийн холбоо 10 гаруй жил “нөхөрлөсөн” М.Ольсен дасгалжуулагчийг чөлөөлж Норвегийн О.Харейдег авчирсан. Түүний удирдлага дор 2014 оны ДАШТ-ийг өнжөөд байсан Данийн шигшээ баг 2018 оны ДАШТ-нд оролцохдоо шөвгийн 16-д шалгарсан бол мөн ЕАШТ-ний эрхээ авсан. Харамсалтай нь О.Харейде Еврогийн үр дүнгээ харж чадалгүй Данийн шигшээ багийг орхисон бөгөөд түүний ажлыг К.Хьюлманд аваад байна. Дасгалжуулагчийн хувиар төдийлөн өндөр амжилт үзүүлж байгаагүй, шигшээ багт ажиллаж байгаагүй, мөн Европын “том” клубуудыг удирдаж байгаагүй К.Хьюлманд Евро-2020-д хэрхэн оролцох нь тун сонирхолтой байна. Ямартаа ч 49 настай Дани эрхэм шигшээ багаа хүлээн авснаас хойш 11 тоглолтонд оролцохдоо 8 ялалт аваад байна.
Данийн вант улсын хөлбөмбөгийн шигшээ баг ЕАШТ-ний урьдчилсан шатны D хэсэгт Швейцар, БН Ирланд улс, Гүрж болон Гибралтартай нэг хэсэгт багтсан. Хэсэгтээ 4 хожил, 4 тэнцээтэйгээр 16 оноотой Швейцарын хамтаар тивийн аваргын эрхээ авсан. Евро-2020 тэмцээнд Бельги, Орос, Финландын шигшээ багуудтай В хэсэгт багтсан. Энэ хэсгийн гол фаворит төдийгүй Евро-2020 тэмцээний гол фаворит нь Бельгийн шигшээ баг бөгөөд Бельгитэй хамт Орос эсвэл Данийн шигшээ баг хэсгээс гарахын төлөө өрсөлдөх боломжтой. Ямар ч үед Данийн шигшээ баг Нордикийн хөрш Финчүүдийг хөлбөмбөгөөр аргалж чадна. Иймд хэсгийн эхний тоглолт нь Финландын эсрэг байх бөгөөд зөвхөн хожил чухал. Үндэстнүүдийн лигийн хүрээнд К.Хьюлманд Данийн шигшээ багаа удирдан Бельгийн шигшээ багтай тоглохдоо 2 хожигдсон.
Дасгалжуулагч К.Хьюлманд шигшээ багаа 4-3-3 хувилбараар тоглуулж байна. Энэ хувилбарыг Норвеги дасгалжуулагч О.Харейде ч сонгож байсан. Арын 4 хамгаалагчийн төвд багийн ахлагч С.Кьерийн хамт Челси клубт данстай А.Кристенсен гарна. Тэд сүүлийн 3 жил хамтдаа шигшээ багийнхаа арын төвийн хамгаалалтанд тоглож байна. Талбайн голд Данийн шигшээ багийн энэ цаг үеийн “жанжин” К.Эриксен гарах ба түүнтэй хамт Т.Делайни, Л.Шёне, П.Хёйбьерг нарын залуусаас гарна. Харин довтолгооны байрлал тун асуудалтай. Өөрөөр хэлбэл үндсэн ажилдаа тун муу Барселона клубт данстай М.Брейтуэйт, Германы Лайпциг клубт тоглодог Ю.Поульсен нар бий. Тэд тус бүртээ шигшээ багийнхаа төлөө хагас 100 орчим тоглолт хийхдээ оруулсан гоол нь 10 хүрэхгүй. Гэсэн хэдий ч шигшээ багт өөр сонголт байхгүй тул эдгээр залуус өдгөө ч гарааны сонголт байсаар байна. Тэгвэл энэ удаагийн ЕАШТ-нд К.Дольберг, Й.Винд гэсэн залуу авъяастнууд талбайд гарвал хангалттай сайн тоглох боломжтой шинэ үеийн залуу довтлогчид юм.
ЕАШТ-нд оролцох боломжтой тоглогчид:
– Хаалгач: К.Шмейхель (Лейстер Сити), Ф.Рённов (Шальке-04), Й.Лёссль (МИдтьюлланн), О.Кристенсен (Оденсе)
– Хамгаалагч: С.Кьер (АС Милан), А.Кристенсен (Челси), Й.Мехле (Аталанта), Д.Васс (Валенсиа), Р.Сков (Хоффенхайм), Й.Ларсен (Удинезе), Х.Дальсгор (Брентфорд), Я.Вестергор (Саутхэмптон) Н.Бойлсен (Копенхаген), Й.АНдерсен (Фүлхэм)
– Хагас хамгаалагч: К.Эриксен (Интер Милан), Л.Шёне (Херенвен), П.Хейбьерг (Тоттенхэм Хотспур), Т.Делайни (Боруссиа Дортмунд), М.Йенсен, К.Нёргор (хоёулаа Брентфорд), Й.Йонсон (Кадис)
– Довтлогч: М.Брейтуэйт (Барселона), Ю.Поульсен (Лайпциг), К.Дольберг (Ницца), Й.Винд (Копенхаген), М.Дамсгор (Сампдори),М.Ингвартсен(Юнион Берлин)