Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд 126 нарс мод, 14 төрлийн 23753 гоёлын бут сөөг, ургамлан хашлага тарьсан бөгөөд арчлалт хамгаалалтын ажлыг гуравдугаар сарын 31-нээс эхлүүлжээ. Зуны улирал эхэлж, зуслангийн чиглэл рүү зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 15-наас зуслангийн чиглэлүүдэд их багтаамжийн таван автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж, байгууллага эцсийн зогсоолууд дээр рейс тутамд тээврийн хэрэгслүүдэд ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж байна. Мөн орой бааз дээр тээврийн хэрэгслийн гадна, дотор талыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийж, хяналт тавин ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт замын хөдөлгөөний дүрэм зөрчиж түр зогсохыг хориглосон байршил болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шуурхай барагдуулж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллах чиглэл өгсөн. Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 20-ны байдлаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 14.8 дахь заалтыг зөрчиж бусдын хөдөлгөөнд саад учруулсан, явган зорчигчийн зам болон чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон 19864 тээврийн хэрэгслийн зөрчлийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.