Вакцин дархлаажуулалтын Глобал Альянс буюу GAVI байгууллагын Gavi.org цахим сайтад Монголын нүүдэлчдэд COVAX хөтөлбөрийн хүрээнд вакцин хэрхэн хүрч байгаа онцолжээ.
Энэхүү нийтлэлд 2020 оны гуравдугаар сарын 10-нд Москвагаас ирсэн франц эрэгтэйгээс ковидийн халдвар илэрснээр дотоодын халдвар анх бүртгэгдсэнийг дурдан тэр цаг үед Монгол Улс хэдийнээ хилээ хаан иргэдийнхээ эрүүл мэндийг цар тахлын эрсдэлээс сэргийлж байсныг дурджээ.
Харин энэ удаад улс орон даяар тогтоосон хатуу хөл хорион дахь тал нутгийн нүүдэлчдийн амьдралыг гэрэл зургаар өгүүлсэн байна. Тэд Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийг онцолжээ.
Нийслэлээс 65 км-т амьдардаг малчин Ц.Буянжаргал, түүний гэргий Д.Болормаа нар мал маллан ашиг шимийг нь хүртэн амьжиргаагаа залгуулдаг. Уулын энгэрт монгол гэрт өвөлжиж байгаа Ц.Буянжаргал мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг ч цар тахлын улмаас түүний орлого 40-50 хувиар буурчээ.
Гэргий Д.Болормаа нь хөл хорио тавьж сүү, сүү бүтээгдэхүүнээ борлуулахыг эсэн ядан хүлээж байна гэлээ. Тэд хотод суралцдаг хүүхдүүддээ халдвар авчих вий хэмээн байнга санаа зовдгоо ч учирлалаа. Бага хүү Пүрэвбат нь эцэг эхдээ туслан морь унаж, хонь хариулна.
Малчин Ц.Буянжаргал цар тахал, хөл хорио зөвхөн тэдэнд хүнд тусаж байгаа биш Монгол Улсын иргэн бүрд нөлөөлж байгааг хэлэв.
Батсүмбэр сумаас 12 км-ийн зайд байрлах жуулчны бааз, дугуй засвар бүгд хаагджээ. Засгийн газраас зээл авч дэлгүүрээ нээсэн гуталчин хүртэл бизнесээ тогтоон барихад амаргүй байгаа аж.
78 настай арьс, ширээр урлаач Б.Гаваа гар хумхилгүй хөдөлмөрлөдөг эрүүл чийрэг биетэй нэгэн. Гэвч түүний урласан бараа зарагдахгүй орлогогүй болжээ. Эхнэрийнхээ хамт амьдардаг тэрээр хөл хорионы улмаас хотод байгаа хүүхдүүд айл хөршүүдтэйгээ ч уулзаж чадахгүй оюун санааны хувьд ч ганцаардалд өртөж эхэлсэн талаараа ярьсан юм.
Тал нутагт цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэллээ.
Д.Болормаа вакцин бол бидний хамгийн сайн хамгаалалт гэдгийг ойлгосон. Тиймээс тэд гэр бүлээрээ Батсүмбэрийн эрүүл мэндийн төвийг зорин вакцинжуулалтдаа хамрагдлаа.
Б.Гаваа ч тэдэнтэй санал нэг “Вакцин бол бидний цорын ганц урьдчилан сэргийлэх арга хэмжээ” хэмээв.
Д.Болормаа COVAX-оор Монгол руу ачуулсан Oxford-AstraZeneca вакцины анхны тунгаа авлаа.
Тэрээр “Тун удахгүй сайхан цаг ирж бид цар тахлаас ангижрах болно. Төсвийн бүх албан хаагчид, нийт иргэд, малчид вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаарай. Бид энэ цар тахлыг хамтдаа даван туулж чадна” хэмээн бусдыгаа уриаллаа.
Эх сурвалж: Gavi.org