“Аксон Нейролаб” ХХК-ийн судлаачид оюутнуудын үнэт зүйлийг тодорхойлсон "Оюутны үнэт зүйлийн судалгаа-2021"-г Qualtrics судалгааны платформоор онлайн өгөгдөл цуглуулан хийж гүйцэтгэжээ.
Тус компани нь Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Аксиом Инк ХХК-ийн хамтарсан компани бөгөөд хүний зан төлөвийг судалдаг нейромаркетингийн судалгааны байгууллага юм.
Яагаад “Залуучуудын үнэт зүйлийн судалгаа” гэж?
Gen Z үеийнхэн буюу залуучуудын үзэл бодол, хандлага нь ирээдүйн трэндийг бий болгодог чухал хүчин зүйл юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх байгууллагын гол зорилтот үйл ажиллагаа нь оюутан, залуус руу чиглэсэн хандлагатай байдаг. Мөн ажлын орчинд залуучуудыг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллана гэдэг маш том сорилт болоод байгаа билээ. Гэтэл үе хоорондын ялгаатай үзэл бодлоос шалтгаалан зарим төрлийн бодлого, кампанит ажлууд зорилтот зах зээлдээ хүрэхгүй байх, хамтран ажиллахад хүндрэл тулгарч, ойлголцлын зөрүү үүсэх тохиолдол их байна. Тиймээс залуучуудын үнэт зүйл, хүсэл сонирхол, чиг хандлагыг ойлгох нь бизнесийн байгууллага, хүний нөөцийн үйл ажиллагааг зөв зохион байгуулахад чухал нөлөөтэй хэмээн судлаачид үзжээ.
Судалгаанд хэн оролцсон бэ?
АШУҮИС, СЭЗИС, ШУТИС, МУИС болон бусад их сургуулийн 870 оюутныг хамруулж, өгөгдлийг тэдний албан мэйлээр илгээр цахимаар цуглуулах байдлаар судалгааг явуулсан байна. Судалгаанд оролцсон оюутнуудын 22 хувь нь эрэгтэй, 78 хувь нь эмэгтэй бөгөөд 16-19 насныхан 40.6 хувийг эзэлж байсан бол 55.8 хувь нь Улаанбаатар хотын харьяалалтай байжээ.
Тэд ахмад үеийнхэндээ хандаж хэлэхэд "Бидний үзэл бодлыг сонсож, өөрсдийн бодлоо битгий тулгаж байгаарай" гэж захисан байна.
Судалгааны үр дүнгээс онцолбол:
- 93.2% Амьдралын зорилгод нь Шинэ ур чадвар, мэдлэг олж авах нь хамгийн чухал
- 61.6% Их сургуулиа төгсөөд гадаадад үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй.
- 31.1% Гэрлэх нь тийм чухал зүйл биш гэж боддог.
- 60.1% Чингис хаан бидний баатар гэж үзсэн.
- 85.5% Ижил хүйстний гэрлэлт нь огт буруу биш.
- 69% Эх оронч хүн байх нь тийм ч чухал биш.
- 44.9% Хоёр болон түүнээс дээш гадаад хэлээр харилцаж чадна гэж үзсэн.
- Өөрсдийгөө ахмад үетэйгээ харьцуулахад гол сул тал нь залхуу гэж үзжээ.
- 15.7% MCS ажил олгогчийн брэнд хамгийн өндөртэй компани
"Оюутны үнэт зүйлийн судалгаа-2021"-ийн дэлгэрэнгүй тайлангийн талаар ЭНД дарж мэдээлэл авна уу.