Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол Улсын Нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг 2021 оны эхний 4 сарын байдлаар танилцууллаа.
Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.Оюунжаргал "Өрийн үлдэгдэл төрийн салбар 0.2 тэрбум, хувийн салбар 1.5 их наяд байна. Мөн чанаргүй зээл 2 их наяд байна. Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна.
Мөн энэ оны дөрөвдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 6 их наяд төгрөгөөр өссөн.
Үүнд:
- Төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг
- Валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
АНН, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 4 дүгээр сарын эцэст 18 их наяд төгрөг болж өмнөх сараас 20 тэрбум, өмнөх оны мөн үеэс 486 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9 их наяд төгрөг буюу 50 хувь нь иргэдийн зээл байна.
Мөн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж өмнөх сараас 4 тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 21 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7 хувийг эзэлж буй үзүүлэлт гарсан.
Чанаргүй зээл мөн дөрөвдүгээр сарын эцэст 2 их наяд төгрөг болж өмнөх сараас 26 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 123 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Чанаргүй зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11% -ийг эзэлж байгаа дүн гарсан" гэв.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 2.4 хувиар, өмнөх оны эцсээс 5.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна.