Аугаа их Эх орны дайны Ялалтын 76 жилийн ой өнөөдөр тохиож байна. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын төв талбайд аугаа их Ялалтын баярын парад сүр жавхлантайгаар эхэллээ. Ялалтын парадын ОХУ-ын төрийн далбаа болон байлдааны тугийн салааны араас, бүх жагсаалын тэргүүнд эгнээнд монгол цэргүүд алхлаа. Түүхт ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлээ базаасан.
Баярын цэргийн парадад Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, хууль сахиулах байгууллагууд, цэрэг-эх орончдын хөдөлгөөнүүдийн 1500 гаруй хүн, 50 гаруй нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчин 2015 болон 2020 онуудад Ялалтын баярын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож байсан. Мөн ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.