Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчийн биед халдсан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нарт ШААРДЛАГА хүргүүллээ.
Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект руу нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан, улмаар биед нь халдан, хүч хэрэглэсэн явдал өчигдөр дахин давтагдлаа.
Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хууль заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж эрс эсэргүүцэж байна.
МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд гишүүдийнхээ хууль ёсны эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд тууштай зогсохоо мэдэгдэн, хүчний байгууллагаас дээрх үйлдлээ дахин давтахгүй байхыг шаардлаа.