Цагдаагийн алба хаагч ажлаа хийж байсан сэтгүүлчдийн биед нь халдлаа. Тодруулбал, өнөөдөр Төв талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ-ын зарим гишүүдээс тодруулга авахаар очсон сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлэхгүй, хамгаалалт авсан гэх нэрийдлээр хөөн түлхэн унагааж байгаа цагдаагийн алба хаагчдын бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байна.
Ямар шалтгаанаар Төв талбай руу хэвлэл мэдээллийхнийг нэвтрүүлэхгүй байгаа талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Б.Баатархүүгээс тодруулахаар утас руу нь залгасан ч тэрээр дуудлаганд хариу өгсөнгүй. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа нар сэтгүүлч, зураглаачдыг биед халдаж талбайн баруун талаас Туушин зочид буудлын урд хаалга хүртэл сэтгүүлчдийг талбайгаас холдуулж хамгаалалт авсан хэмээн түлхсээр байв.
Төв талбайд өмнө нь цар тахлын үед иргэд, гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлэн суулт, өлсгөлөн зарлаж байсан. Тухайн үед Төв талбайг өнөөдрийнх шиг цагдаагийн хамгаалалт авч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг нэвтрүүлэгүйгээр эрхийг нь хааж боож байгаагүй.
ЦЕГ-ын Ж.Болд даргаа, Төв талбай руу сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй гэсэн хууль гарсан юм уу? Яагаад хөл хорионы үед ч үйл ажиллагааг нь хязгаарлалтгүй салбарын нэг гэж зарлан мөр зэрэгцэн ажил үүргээ гүйцэтгэж байгаа хэвлэл мэдээллийн салбарынханд нэг л өглөө төр төмөр нүүрээ үзүүлэх болов.
Цар тахлын үед үнэн бодит мэдээллийг нэг урсгалаар өгнө гэж хэвлэл мэдээлэлд улам л хаалттай болж байгаа төрийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам дордсоор байх уу.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
- Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг билээ.