Тавдугаар сарын 6-н буюу өнөөдрөөс 65-аас дээш насны иргэдэд Спутник-V вакцин хийхээр болсон талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн. Тэгвэл дүүргүүдэд вакцин хуваарилах, дархлаажуулалтын цэгээ бэлтгэх шалтгаанаар түр хойшилсон тухай ЭМЯ-наас мэдээллээ. Өнөөдөр үдээс хойшдоо багтаж Спутник-V вакцинаар дархлаажуулалт хийх байршилын талаар тодорхой мэдээлэл өгөх юм.
Энэ сарын 1-нд манай улсад ОХУ-аас 20.000 тун Спутник V вакцин ирсэн юм. Уг вакцинаар зөвхөн ахмад насны иргэдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа. Спутник-V вакцины хоёр дахь тун хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа тул сонголт хийхдээ биеийн байдал, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг мөн санууллаа. Учир нь Спутник-V вакцины хоёр тун нь хоёр өөр савалгаатай учраас нэг тунг хоёр удаа хийж болохгүй. Мөн үйлдвэрлэгч талаас 21-90 хоногийн дотор хоёр дахь тунг тарина гэсэн заавартай ирсэн учраас иргэд үүнийг бодолцон эхний тундаа хамрагдахыг зөвлөлөө.