Непал дахь Эверестийн бааз кэмпэд байгаа уулчдын дунд Ковид-19-ийн шинж тэмдэг илэрч, эерэг тохиолдлууд нэмэгдэж байгаа талаар бааз дахь албаны хүмүүс мэдэгдсэн байна. Одоогоор 17 хүнээс коронавирус илрээд байгаа талаар Катманду хотын эмнэлгээс мэдээлсэн гэж бааз кэмпийн албаны хүмүүс хэлжээ. Эверест рүү авирч байсан зарим уулчдыг Катмандугийн эмнэлэгт хүргэсэн бол өндрийн кэмпэд байгаа нь өөрсдөдөө эмчилгээ хийж байгаа талаар ВВС мэдээллээ.
Катманду дахь CIWEC хувийн эмнэлгийн ажилтнууд Эверестийн бааз кэмпээс ирсэн өвчтөнүүдээс коронавирус илэрсэн талаарх мэдээллийг баталгаажуулжээ.
Гэвч Непалын Засгийн газраас тэнд халдвар гарсан талаарх мэдээллийг няцаасан байна. Учир нь уулын аяллын салбар нь хаагдах вий хэмээн эмээж, нөхцөл байдлыг нуун дарагдуулж байж болзошгүй гэж ВВС онцолсон юм. Гадаадын уулчид Непалын Засгийн газрын орлогын гол эх үүсвэр болдог. Өнгөрсөн онд цар тахлын улмаас Эверестийг түр хугацаагаар хааж байсан.
Непалд коронавирусний халдварын нийт 351 мянган тохиолдол илэрч, 3417 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 7587 хүнээс халдвар илэрч, 55 хүн нас баржээ.