Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 2020-2023 онд хэрэгжиж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаарын аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх” төслийн хүрээнд ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлэхээр болсон. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Агаараас эрэн хайх, яаралтай тусалмжийн хоёр нисдэг тэрэг Франц улсаас ирлээ. ОБЕГ-т нийт 4 нисдэг тэрэг нийлүүлнэ" хэмээн твиттер хуудсаараа мэдээллээ.
Тэгвэл өчигдөр агаараас эрэн хайх, яаралтай тусламжийн зориулалттай, “EC-145” маркийн хоёр нисдэг тэргийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд байна.
Дээрх төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулагдаж, EC-145 маркийн 3 нисдэг тэрэг, сургалтын 1 нисдэг тэрэг болон сургалтын симулятор нийлүүлэгдэж, нисгэгч, инженер-техникийн ажилтан, аврагч нарыг бэлтгэх юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд орхигдоод байсан агаарын аврах ангийг дахин сэргээн байгуулснаар онцгой байдлын албаны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрэн хайх, аврах ажилд томоохон ахиц дэвшил болох юм.