Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцжээ. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан. Засал, гологдол засварлах ажлыг энэ онд хийх юм.
- “Багц-3”-ын хувьд ажлын талбайд 92 хүн, 66 техник тоног төхөөрөмж байршин ажиллаж байна. Зургаан хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн ажил хийгдэж байгаа энэ багцын нийт ажлын гүйцэтгэл 69.83 хувьтай яваа аж.
- “Багц-5”-ын ажлын талбайд 61 хүн, 35 техник, тоног төхөөрөмж ажиллаж, 6 хувийн цементээр бэхжүүлсэн чулуун суурийн болон өмнө хийгдсэн суурийн засварын ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 73.57 хувь.
- “Багц-2”, “Багц-4”-ийн зам барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах ажлыг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу тендерийг энэ тавдугаар сард сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм байна.
- Хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих шинээр нэмж барих хоёр эгнээ авто замын ажил өнгөрсөн гуравдугаар сарын 26-наас эхэлжээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын “Багц-1”-ийн гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл, туслан гүйцэтгэгчээр “Эсто” ХХК, “Багц-2”-ын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК, “Багц-3”-ын гүйцэтгэгчээр “Жунмэи инженеринг групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Энх төгөл бэх” ХХК, “Багц-4”-ийн гүйцэтгэгчээр “Шанхай констракшн групп”, туслан гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК, “Багц-5”-ын гүйцэтгэгчээр “Чайна гежөүба групп” ажиллаж буй. Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна.