Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Мэдээллийг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Цар тахлын энэ хатуу хөл хорио тогтоод хэд хонож байна. МҮЭХ эвлэлдэн нэгдсэн гишүүдийнхээ эрх ашгийг байнга хамгаалах үүрэгтэй төлөөллийн байгуулланы хувьд бид цар тахлын дэглэмийн барьж цөөн тооны ажилтнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Хөл хорио дараалан хоёр удаа ойрхон тогтоосны улмаас манай иргэд, хөдөлмөрчдйин дийлэнх бараг 100 хувь нь ажилгүй, орлогүй, хүнд байдалд цар тахлын эсрэг төр засгийн шийдвэрийг дагаж гэрээсээ ажил үүргээ гүйцэтгэж байна.
Монголын үйлдвэрчний эвлэл холбоонд эвлэлдэн нэгдсэн 36 холбоо, гишүүн байгууллага, аймаг, нийслэлийн 22 салбар холбоо, мэргэжлийн чиглэлийн 14 үйлдвэрчний эвлэлийн холбоогоор дамжуулж цар тахлын үед иргэдийн амьдрал хүндэрч байгаа. Цар тахлын үед авч байгаа бага цалин хөлснөөс НДШ нэртэйгээр 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2 хувиар нэмэгдүүлсэн УИХ, Засгийн газрын шийдвэр хүнд байна гэдэг гомдлыг он гараад тасралтгүй ирүүлж байгаа" хэмээн тэдэнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлсэн нь маш их дарамт үзүүлж буй талаар ажил олгогч болоод үйлдвэрчний эвлэлийн харьяа байгууллагад ажиллагсдаас ихээхэн гомдол ирэх болсныг хурлын эхэнд дуулгалаа.
МҮЭ-ийн шахалт шаардлагаар хоёрдугаар 25-ны өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцлах, 2017 оны Нийгмийн даатгалын хуулд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Гэвч ажил удааширч байна гэж тэрээр үзэж байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 гаруй мянган ажилтнууд тасралгүй энэ талаар санал хүсэлтээ ирүүлж буй аж.
Тиймээс МҮЭХ-ноос УИХ, Засгийн газар энэ талаар анхаарлаа хандуулж, нийгмийн даатгал нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг дахин сануулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлжээ. Ажил, орлогогүй болоод буй энэ үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл нүүрлээд буй юм.
Хэрвээ шийдвэр гаргагчид шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ гэв.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг долдугаар сарын 1 хүртэл түр хойшлуулаад байгаа юм.