Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10573 хүнээс коронавирусний халдварын шинжилгээ авчээ. Үүнээс 1092 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Нийт батлагдсан 1092 тохиолдлын 957 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 135 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн байна. Харин халдварын зургаан тохиолдол зөөвөрлөгдөж иржээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 31849 боллоо.
Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас барсан байна. Тодруулбал, 78 настай эмэгтэй, 57 настай эрэгтэй, 75 настай эмэгтэй, 51 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 53 настай эрэгтэй, 65 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй халдвараар нас барлаа. Улмаар улсын хэмжээнд нас баралт 88 болж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4427 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 80-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.