Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ.
Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.
Эргэн сануулахад, яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.
Н.Түвшинбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.