“Алматы-2021” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин, ОУХМ Мөнхболдын Дөлгөөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.
М.Дөлгөөн Алматыгийн дэвжээнд Узбекистаны Мадина Усмонжонова, эзэн орны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялж тивдээ анх удаа тэргүүллээ. Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.
“Нанжинь-2014” залуучуудын олимпийн наадамд 17 настайдаа мөнгөн медаль хүртэж, бөхийн хүрээнийхэнд танигдсан тэрбээр Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж, 2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэн ийнхүү иж бүрэн медалийн эзэн болж байна.
Харин ОУХМ Б.Шоовдор –59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрээр өнгөрсөн жилийн Азийн аварга Энэтхэгийн Саритатай таарч 7/10 гэсэн оноогоор ялагдал хүлээлээ.
Өнгөрсөн жилийн Азийн АШТ-ний хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа амжилтаа ахиулсан. Тэрбээр алтан медалийн төлөө өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Киргизстаны Меерим Жуманазаровад 1:6-гаар ялагдав.
Ийнхүү эхний өдөр Монголын таван эмэгтэй бөх зодоглосноос нэг алт, хоёр мөнгөн медальтай өндөрлүүллээ.