Сангийн яамнаас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар мэдээллээ.
ОРОЛЦОГЧИД:
- С.Мөнгөнчимэг Сангийн дэд сайд
- З.Ариунаа Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал
- Д.Сугар Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал
- Д.Энхбаатар Хаан банкны Зээл хариуцсан дэд захирал
- Т.Дүүрэн МҮХАҮТ-ын дарга, Олон нийтийн хяналтын зөвлөлийн ахлагч
10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа болон дөрөвдүгээр сарын 9-н хүртэлх мэдээллийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өглөө.
Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал З.Ариунаа:
-Хяналт шалгалт хэрхэн явагдаж байгаа вэ. Хөл хориотой холбоотойгоор өөрчлөлт орсон уу?
-Орон нутгийн салбар хэсэг хяналт шалгалт хийхээр эхэлсэн боловч 7 аймаг газар дээр нь ажиллах боломжгүй болсон. 10 аймагт газар дээр нь хяналт шалгалт хийсэн. Зээлийн мэдээллийн санд олгосон зээлийг бүрэн мэдээлээгүй зэрэг зөрчил гарсан. Үүнд хариуцлага тооцон ажиллаж байна.
Улаанбаатарт хяналт шалгалтыг тогтмол хийж байна.
ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ЗОГСООГООГҮЙ
Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар:
Өнөөдрийн байдлаар 1969 зээлдэгчийн 84 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. 97 ААН 12,3 тэрбум төгрөгийн зээлийн олголтыг хийсэн байна.
Орон нутагт 50 тэрбум төгрөгийн зээл олгосон. Улаанбаатарт 23,8 тэрбум төгрөгийн зээл олгосон. Төрийн банк орон сууцны 70 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон. Өдөрт дунджаар 5,8 тэрбум төгрөгийн зээл олгож байна гэж ойлгож болно.
Хөл хорионы үеэр зээл олголтод ажлын хэсэг тусгайлан гарч ажиллаж байна. Орон нутаг болон Улаанбаатарт зээлийн ажилтнууд 100 хувь ажиллаж байна. Зээлийн хүсэлтийг зогсоогоогүй. 8800 зээлдэгч хүсэлт өгсөн. 1540 зээлдэгчийн 138 тэрбум төгрөгийн зээлийг судалж байна. Нэг харилцааны менежерт энгийн үеийг бодвол ачаалал өндөр байна. Аль болох иргэдийг хүлээцтэй байхыг хүсэж байна. Ажлын хэсэг зээлийн хурдан шуурхай ажиллахыг зорьж байна.
100 хувь материалаа өгсөн тохиолдолд гурав хоногт багтаан зээл олголтыг хийж байна.
ЗЭЭЛИЙН ЭРЭЛТ МАШ ИХ БАЙНА
Хаан банкны Зээл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар:
Банкны харилцааны менежерүүд зайнаас ажиллаж байна. Бид нарт 3 хувийн зээл дээр судалгаанд байгаа 6500 зээлдэгчийн материал байна. Хөл хорионы үеэр эдгээр зээлийг шийдвэрлэнэ. Зээлийн эрэлт маш их байна. Судалгаанд нэлээн олон харилцагчийн хүсэлтийг аваад байна.
Манай банкны зээлийн эх үүсвэр дууссан гэх мэдээлэл хэрхэн гарсныг мэдэхгүй байна. 1 их наяд төгрөг зээлийн судалгаанд явж байна. Банк ирсэн хүсэлтийн дагуу хариу өгч ажиллаж байна. Хуучин мэдээлэл нь байсан харилцагчдын материал илүү хурдан шийдэгдэх тал байж магадгүй. Бид дор бүрнээ судалгааг хийж, иргэдийн зээлийг 4 хоногт, ААН-ийн зээлийг 10 хоногт дунджаар шийдэж байна.
50 сая, 500 сая гэж тулгаж зээл авах оролддог их байна. Эх үүсвэр хязгаарлагдмал байгаа учраас зээлээ битгий тулгаж орж ирээсэй гэж хэлмээр байна.