“Зүүнбаян-Тавантолгой” чиглэлийн 414.1 км төмөр замын төслийн хүрээнд доод бүтцийн бүтээн байгуулалт 2019-2020 оны хооронд амжилттай хийж дууссан. Тодруулбал долоон сарын хугацаанд 50 орчим үндэсний аж ахуй нэгж ажиллаж, хариуцсан ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгажээ. Гэтэл тус төслийн захиалагч “Монголын Төмөр зам” ТӨХК нь сүүлийн 20 орчим хувийн санхүүжилтээ олгохгүй есөн сарын хугацааг зарцуулсан байна. Үүний улмаас 25 мянга гаруй иргэд цалингүй, эргэлтийн хөрөнгөгүй гацалтад орсон байна. Иймд тухайн аж ахуй нэгжийн төлөөлөл болсон иргэд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүсэлт хүргүүллээ.
Энэ талаар “Грэйт Рөүд” констракшн ХХК төслийн менежер А.Мөнхтамираас тодрууллаа
Тэрбээр “Манай компани тавантолгой-зүүнбаян чиглэлийн 600.000 м3 төмөр замын бүтээн байгуулалтын ажилд хоёр хэсэг газарт газар шороо, далангийн ажил хийсэн. Бүтээн байгуулалт 100 хувь дууссан боловч ямар нэг байдлаар бидний хийсэн ажлын мөнгө байхгүй болоод байна. өнгөрсөн санхүүжилт удаашраад, саармагжсан байна. Тухайн санхүүжилтийн 80 хувийг өгсөн гэдэг мэдээлэл тогтмол өгч байна. Гэтэл 80 хувь нь өөрөө ажлыг хийхийн тулд ашиглах түлш, түрээс гэх мэт олон зүйлд зарцуулагдаж байна. Бид тухайн ажлыг хийхийн тулд түрээсийн техник хэрэгсэл авна, тэрбум гаруй төгрөгний түлш зарцуулдаг. Гэтэл бидний мөнгийг одоог хүртэл өгөхгүй байна. Цаагуураа улс төр ордог юм уу, яадаг юм мэдэх зүйл алга. Ерөнхийлөгч Х.Баттулга бүх холбоос ажлыг хийж өгсөн анх. Холбоосыг хийж өгөхдөө нэг ч гадны компани оролцуулалгүйгээр зөвхөн Монгол компаниудтай хамтран ажилласан байдаг юм. Монголчууд ийм бүтээн байгуулалт хийдэг, хийж чадна гэдгийг харуулсан төсөл. Одоо бид бүтээн байгуулалтаа 100 хувь хийсэн байна гэтэл мөнгөө өгөөгүй байна. Тус ажил дээр ойролцоогоор 200 гаруй ажилтан, 70 гаруй техник өдөр, шөнөгүй ажилласан” гэлээ.