Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна.
Нөөцийн махыг өчигдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн. Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулжээ.
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг, үхрийн ястай мах 7700 төгрөг, ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүлжээ.
Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.
Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэй болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.