Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан Н.Г-г бусдаас шан харамж шаардсан хэмээн үүрэгт ажлаас нь халсан байна.
Тодруулбал, тус дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхиий хууль зэрэг холбогдох хууль, тогтоолыг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулан ажлаас нь чөлөөлж, гурван жил төрийн албанд ажиллуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Тухайн ажилтан тайлангаа авах явцдаа бусдаас шан харамж хүссэн зурвасыг илгээснийг баримтжуулан гомдол гаргасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Манай салбарт өнөөдөр доргилт болов. Мянга мянган хамтран ажиллагчдынхаа нэр төрийг унаган ёс зүйгүй үйлдэл гаргаж хууль зөрчсөн Нийгмийн даатгалын байцаагчийн талаар баримт, мэдээлэл гарч, ёс зүйн хороо ажиллаж, даргын зөвлөл хэлэлцэж ажлаас чөлөөлөх тушаал гарав. Энэ ажилтан болон бусад аль ч салбар нэгжид маань адил төстэй асуудал гарвал бидэнд баримттай мэдээлж байхыг хүсье. НДЕГ 11-324456; 77771289. Бидэнд баримттай мэдээлэл ирүүлсэн, системын шинэчлэлийг хүссэн захирал хамт олонд нь талархал илэрхийлж, хүлцэл өчье. Цаашид бид Цахимжилтын ажлаа улам эрчимжүүлж хүнээс үл хамааруулна” гэжээ.