Хэдхэн хоногийн өмнө албан утсанд дуудлага ирэв. “Би өмгөөлөгч хүн. Гэтэл Улсын дээд шүүх рүү орж шүүх хуралдаанд оролцох гэсэн боловч 72 цагийн PCR шинжилгээ шаардлагатай гэсэн. Ингээд цаг авч шинжилгээ өгөх гэтэл цаг байхгүй байна. Тиймээс тухайн газар хоёр шүүх хуралдаанд оролцох шаардлагатай гэдгээ тайлбарласан боловч оруулсангүй” гэв.
Бас нэгэн иргэн. “Оюутан хөгжлийн зээл авахаар бичиг баримт цуглуулах шаардлага гарлаа. Ингээд бичиг баримт бүрийг энд тэндээс цуглуулж тухайн хүн бүрээс албан тоот, тодорхойлолт гуйж авахын тулд бүтэн өдрийг зарцуулсан” гэлээ. Яг үнэндээ хүн бүрийн ой тоонд шингэсэн нэг зүйл бол төрийн үйлчилгээний байгууллагын хүнд суртал. Энэ сэдвийг жил бүр, сар бүр бид дахин дахин сануулдаг. Санууллаа ч хэвэндээ орохгүйгээр тогтсон арга барилтай төрийн албаныхан мөнхийн яриаг дахин эхлүүлье.
Монгол Улс дотооддоо халдвар алдсанаас хойш жил гаруй хугацааг өнгөрүүллээ. Жил өнгөрөхөд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, дүүрэг, хороодын эмнэлгүүд хэрэндээ л зүтгэж байгаа. Гэтэл төрийн үйлчилгээний байгууллагууд яг хэвээр. Яг хэвээр ч бус өмнөхөөсөө хэд дахин дорджээ. Үнэндээ цар тахлаар далимдуулж ажил хийхээ больсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тухайлбал Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэл авах шаардлага тулгарлаа. Хаалгаар орсон даруй хаашаа орох талаар лавлав. Тухайн газрын албан тушаалтантай уулзах хүсэлтэй илэрхийлсэн боловч тэгвэл тийшээ орж болохгүй гэв. Яагаад гэдгийг лавлахад “манай байгууллага цар тахалтай холбоотойгоор ямар нэг мэдээлэл өгөхөө больсон. Түр хүлээж байгаад утасны дугаар өгч болох эсэх талаар лавлая” гэсэн юм. Тухайн байгууллагын ажилтантай холбогдохын тулд ойролцоогоор 30-40 минут үүдэнд хүлээсэн. Гэх мэтчилэн энэ мэт цар тахлыг далимдуулан ажлаа цалгардуулж буй олон жишээ бий.
Төрийн байгууллага тэр тусмаа үйлчилгээ, мэдээлэл өгөх зорилго бүхий албан тушаалтнууд цар тахлын энэ үеэр нээлттэй байж, ард иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг тогтмол мэдээлэх үүрэгтэй. Тэр тусмаа ард иргэдийн шаардсан бичиг баримт, албан хүсэлт зэргийг цаг алдахгүй шийдэж өгч бусдад хүндрэл чирэгдэл учруулах ёсгүй. Гэтэл цар тахал нэмэгдэх бүрийд төрийн байгууллагууд хаалгаа тас хаадаг болжээ.
-БИД МЭДЭХГҮЙ, ХЭЛЭХГҮЙ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ, ОРУУЛАХГҮЙ, ХҮЛЭЭЖ БАЙ-
Үнэндээ цар тахлын энэ хүнд үед төрийн албанаас ирдэг хариу "Бид мэдэхгүй, хэлэхгүй, мэдээлэл өгөх шаардлагагүй, оруулахгүй, хүлээж бай" гэх зүйл. Энэ нь тэдний ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байгаагийн илрэл. Ийнхүү иргэд зорьж явсан ажлаа бүтээж чадалгүй төрийн байгууллагын хаалгыг тас мөргөж, эцэст нь уур бухимдал эсвэл таньдаг хүн хайх эрэлд гардаг.
Төр түмэнтэйгээ ойр ажиллаж, болохгүйгээс болгох хүртэл хичээн ажиллах нь тэдний эрхэм зорилго буй. Гэтэл энэ үүргийг умартан өглөө 9 цагт ажил дээрээ очоод өдрийн 12 цагт гарч явж очсон хүнд нь хамаг муухай аашаа гаргаж, очоогүй нэгэнд мэдэхгүй , хэлэхгүй гэх хариулт өгөх нь тэдний хийх ажил биш.