Япон улс Олимпыг зохион байгуулахдаа гадаадын үзэгчдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг өнгөрсөн бямба гарагт гаргасан. Ингэснээр тус улс эдийн засгийн томоохон алдагдал хүлээх эрсдэлтэй болжээ.
Ирэх долоодугаар сард Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмаар гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулах болсноор тус улс 150 тэрбум иен буюу 1.37 тэрбум долларын алдагдал хүлээх тооцоог "Номүра" судалгааны хүрээлэнгийн эдийн засагчид гаргажээ.
Энэхүү тооцооллыг коронавирусийн цар тахал эхлэхээс өмнөх дотоодын зах зээл болон гадаадын жуулчдын хэрэглээний түвшинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн гаргасан байна. Наадмын үеэр зочид буудал, зоогийн газрын бизнес хамгийн их хохирол амсана гэж тооцоолжээ. Хэрвээ наадмын зохион байгуулагчид тэмцээний үеэр дотоодын үзэгчдийн тоог хязгаарлах шийдвэр гаргавал бүр ч их алдагдал хүлээж болзошгүй гэнэ.
Олимпын наадмыг хойшлуулж, коронавирусийн эсрэг арга хэмжээ авахтай холбоотой нэмэлт зардлуудаас болж наадмыг зохион байгуулах зардал өсөж, 1.64 их наяд иен буюу 15.9 тэрбум долларт хүрчээ.
Токиогийн Олимп энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно.