Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг танилцуулах өнөөдрийн хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийсэн юм. Тэрээр "ХӨСҮТ-ийн сувилагч хамаарал бүхий хүндээ шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул үргэлжлүүлэн шалгаж байна" гэв.
ХӨСҮТ-ийн тандал судлалын сувилагч PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн буюу өөрийн танил шинжилгээ шинжилгээ өгөөгүй хүнд хариуг хуурамчаар гаргаж өгсөн нь гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж холбогдох шалгалтыг үргэлжлүүлж байна. Эл хэргээс болж тухайн бүсэд цагдаагийн байгууллага очих зэргээр багагүй хүндрэл, чирэгдэл үүсгэсэн.
Мөн ХӨСҮТ-ийн удирдлагууд цар тахлын үед тендэр, худалдан авалтыг хууль зөрчин зохион байгуулсан гэх асуудлыг харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн. "Энхсаран" сувилалтай холбоотой буюу халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлыг шалгаж байна. Тодруулбал ОХУ-аас ирсэн жолооч нарыг нэг байранд байлгасан гэх гомдол ирсэн. Тус сувилалтай холбоотой 13 хүнд холбогдох хуулийн 15.6.1-д заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн. Тусгаарлах байрны дэглэм зөрчсөн-5, иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн-2 иргэн, хариуцлага алдсан 6 албан тушаалтантай холбоотой хэргийг прокурорт шилжүүлсэн" гэлээ.