Иргэн А.Цэрэнпил хоёр хүүгийнхээ 20 жил, 17 жилийн хорих ялыг эсэргүүцэж, өнөөдөр Төрийн ордныг хөл нүцгэн тойрлоо.
Энэхүү ээж хоёр хүүгээ хилс хэрэг үүрч байгаа гэж үзэж байгаа юм. Иймд тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хүүхдүүдийнхээ хэргийг дахин шалгуулах хүсэлт хүргүүлэхээр иржээ.
“Миний хүүг 2018 оны аравдугаар сарын 18-20-нд зодоод 461 дүгээр ангид хориод сар биднийг уулзуулаагүй. Тэндээс миний хүү зөндөө хандсан. Зодуулсан шарх нь эдгэсний дараа миний хүүхдүүдэд эргэлтийн бичиг өгч байгаа юм. Сая цагаан сарын өмна би Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн үүдэнд тайчлаа. Миний цөхрөл туйлдаа хүрлээ” хэмээн шаардар бичиг хүргүүлж байгаагаа хэллээ. Уг шаардах бичигт
“Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан танаа
Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд хэлсээр гүтгэн эрүүдэн шүүж эрхийг нь ноцтой зөрчиж байгаа хүмүүсийн хууль ёсны эрхийг сэргээхийг шаардаж байна” хэмээжээ.
Гадаа -13 хэмийн хүйтэн байгаа тул хөл нүцгэн хүйтэн зам дээр алхана гэдэг бэрх. Дээр нь коронавирусний тархалт өндөр байгаа тул халдвар авахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс цагдаа нар түүнд шаардлага тавьсны дагуу гутлаа өмсөж, өргөдлөө шуудангийн ажилтанд хүлээлгэн өглөө.