Израилд 12-16 насны 600 хүүхдэд “Pfizer/BioNtech” вакциныг туршилтын журмаар хийсэн талаар “The Guardian” мэдээллээ.
Ковидын вакцин нь Израилийн өсвөр насныханд ямар ч ноцтой гаж нөлөө үзүүлээгүй гэж албаны хүмүүс дэлхийн анхны хүүхдийн вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан мэдэгдэв.
Вакцин хийлгэсэн хүүхдүүдэд ноцтой сөрөг нөлөө гараагүй, вакцины эмнэлзүйн туршилт эхлэхээс өмнө бага насны хүүхдүүдэд аюулгүй болохыг харуулсан явдал боллоо гэж Израилийн Эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын албаны тэргүүн Боаз Лев “Guardian”-д онцоллоо.
“Pfizer” компани 12-15 насны хүүхдүүдэд эмнэлзүйн туршилт хийж байгаа бөгөөд удахгүй 5-11 насныхныг хамруулахаар төлөвлөжээ. Окфсордын их сургууль “AstraZeneca” хамтран бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилтад зургаагаас дээш насны хүүхдүүдийг хамруулах тухай зарласан. Хүүхдүүд дээр хийх эмнэлзүйн туршилт хэдэн сар үргэлжлэх юм байна.
Гэхдээ тус улсын 16-аас доош насныхан хүн амын дөрөвний нэгийг эзэлдэг тул сүргийн дархлаа хөгжүүлэхийн тулд вакцин хийлгэх шаардлагатай болно. Үүний тулд хүмүүсийн 90 хувь нь бүрэн тарилга хийлгэх шаардлагатай болно гэж АНУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний институтийн тэргүүн Энтони Фаучи мэдэгджээ.
Тус улс 16-18 насны ахлах ангийн сурагчдыг эцэг эхийнх нь зөвшөөрлөөр 1-р сараас вакцинжуулж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын эхээр 6.75 сая насанд хүрсэн бүх хүмүүст вакцин тариулж дуусна гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяху хэлсэн.
Ерөнхий сайд Нетаньяху Даваа гарагт Тель-Авивт болсон хэвлэлийн бага хурал дээр Израилийн таван сая дахь хүн болж вакцин хийлгэсэн Израиль эмэгтэй Жанет Лави-Азулайтай хамт гарч ирсэн юм.
Израилийн хүн амын 50 гаран хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа ба ойрын өдрүүдэд хүн амын 60 хувиа бүрэн вакцинжуулахаар ажиллаж байгаа аж. Холбогдох байгууллагууд хүүхдүүдэд зориулсан вакциныг дөрөв эсвэл тавдугаар сард хэрэглэх зөвшөөрөл олговол вакцинжуулалтыг эхлүүлэх юм байна.