Төрийн байгууллагуудын ажил цахим систем рүү шилжин иргэдэд үзүүлэх үйлчилгээ хялбар болж байгаа талаар албаныхан мэдээлсээр байгаа юм. Тэгвэл бид энэ удаад иргэдтэй уулзан төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ямар байгааг тодрууллаа.
ИРГЭД:
"Хүнд сурталтай. Дараалал их үүсгэнэ. Төрийн байгууллагын ажилчдын харилцаа нь үйлчлүүлж байгаа хүмүүсийг дорд үзсэн, загнасан, зандарсан байдаг"
"Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүндрэл бага байдаг. Ялангуяа сүүлийн үед иргэнтэй тулж уулзахаас илүү И-платформ цахим сүлжээ үүсч байгаа болохоор их сайн болох байх. Заримдаа асуудалтай байдаг. Гэхдээ тухайн хүний харилцаа хандлагын асуудлаас л хамаарна"
"Нэг юм бариад очихоор дахиад юм нэхээд байдаг. Тэр нь хэцүү. Цаг авахад хүндрэлтэй байдаг"
"Зарим газар ч тулгардаг л юм. Зарим газар нь зүгээр. Жишээ нь нэг бичиг баримт хөөцөлдөөд явна. Нэг газар яваад очихоор тийм юм байхгүй байна, нөгөө газар нь очихоор болсон шүү дээ гэх хариу өгөөд их хүндрэлтэй байдаг. Нэг нэгэн рүүгээ чихээд эсвэл өөрийнхөө ажлыг мэддэггүй ч юм уу? Хүндрэл их байдаг. Би тэтгэвэрт гарсан хүн. Тэтгэврийн хүмүүс амралт сувилалд явах бичиг баримт хөөцөлддөг. Зарим нь амархан гараад ирдэг, зарим нь ерөөсөө гардаггүй. Их чирэгдэлтэй байдаг" гэлээ.
Иргэдийн ярьснаар төрийн байгууллагын хүнд суртал одоо хүртэл үргэлжилсэн хэвээрээ л байна.
М.Даваацэцэг