Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авсан.
Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 09 цагт товлосон. Гэвч яллагдагч Х.Даржаа нь өөрийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс татгалзаж, шинээр өмгөөлөгч О.Аззаяа, Ч.Амар нарыг авсан байна.
Дээрх өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав. Ийнхүү Ц.Мянганбаяр, Х.Даржаа нарт холбогдох шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байна. Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд эхний шүүх хурал товлогдоод байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Должинсүрэн “Хөл хорионд орсон тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх” тухай хүсэлт ирүүлсэн учраас өнөөдрийг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн юм.