САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООАНХААРУУЛГА /2021 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 26/ |
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ СЗХ-НООС ГАРГАСАН АНХААРУУЛГАД ТАЙЛБАР ӨГӨХ НЬ |
|
Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох зорилготой гаргасан урамшууллын оноо нь зохицуулалтын бус арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж байгаа гэх мэдээллийг олон нийтэд түгээж байгаа нь буруу ташаа ойлголтыг төрүүлж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэнэ өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулахуйц нөхцөл байдлыг бий болгох эрсдэлтэй юм. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, 3 бирж /Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж/ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй. Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй юм. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаас нь төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдэхээр хуульчлагдсан байдаг. Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэлийг дагуулж болзошгүй тул иргэн Танд анхааруулж байна.
|
Ард Санхүүгийн Нэгдэл ХХК болон охин компаниуд нь ажиллагааны хүрээнд 2018 оноос хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч, харилцагчдадаа урамшуулал хэлбэрээр АрдКойныг олгосноор ирсэн. Тухайн урамшууллын оноог орчин үеийн дэвшилтэт технологи болох Блокчэйнд суурилж бүтээсэн ба энэ нь урамшууллын онооны зах зээл дээр бодит түйвээлтийг бий болгож байна. Блокчэйн технологид суурилсан төслүүдийн үнэ цэнийг бүрэлдүүлж чадсан эко-систем, үйл ажиллагаа болон бодит хэрэглэгчид нь баталгаажуулдаг. Нийт гаргасан АрдКойны тоо хэмжээ 5’158’308’000 ширхэг бөгөөд дахин нэмж гаргах боломжгүй тул хэрэглэгчдийн тоо болон хэрэглээ нь нэмэгдэх тусам үнэ цэнэ өсөх боломж бүрдэж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниуд зах зээл дээрээс буцаан худалдан авах замаар АрдКойны урамшууллын хөтөлбөрөө үргэлжлүүлж явуулахаар зохион бүтээгдсэн. Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх нь ямагт эрсдэлтэй байдгийг аливаа Зохицуулагч байгууллагаас албан ёсоор мэдэгдэж байдаг. Хөрөнгө оруулагч ашиг өгөөж, алдагдлаа өөрөө хүлээдэг. Бидний зүгээс ч гэсэн ард иргэдийг “Манай үйлчилгээг авах замаар койноо цуглуул, Хөрөнгө оруулалт хийхээр худалдан авч байгаа бол эрсдэл дааж чадах хэмжээнд ав” зэрэг уриалгыг удаа дараа хүргэсээр ирсэн билээ. Санхүүгийн Зохицуулах Хорооны анхааруулгад дурдсан “ирээдүйн үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эргэлтийг бий болгох” үйл ажиллагааг огт явуулаагүй бөгөөд тийм зорилго агуулаагүй гэдгийг ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЭЖ байна. Зохицуулагч байгууллагын зүгээс иргэдэд хариуцлагагүй буруу мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Өнөөдрийн байдлаар криптовалют буюу виртуал хөрөнгө нь Монгол Улсад зохицуулалтгүй байгаа нь бид ямар нэг хууль дүрэм зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэсэн үг биш юм. Виртуал хөрөнгийн үйлчилгээг үзүүлэгчийн тухай хуулийн төсөл олон нийтэд танилцуулагдаж, нээлттэй санал авч байна. Иймээс Виртуал хөрөнгө цаашид зохицуулалтад орох бөгөөд бид хууль эрх зүйн орчныг бий болгоход хамтарч ажиллахад бэлэн байна. Бид СЗХ болон Монголбанктай удаа дараа уулзалт хийж ажлаа танилцуулж ирсэн болно. Дижитал Ассентс Эксченж /DAX/ дээр арилжаалж буй үнэт цаасны токен нь /Security Token/ Монголдоо анхных бөгөөд тухайн үнэт цаасны токентой тэнцэх 1’300’000 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн ААRD тизертэй хувьцаа арилжаалагдаж байгаа. Бид энэхүү үнэт цаасны токеныг Монголын Хөрөнгийн Биржтэй цаашид хамтран ажиллахад дэм болох үүднээс Сэндбокс хөтөлбөрт оруулах зорилготойгоор туршилтын шугамаар нэвтрүүлсэн байгаа юм. Тухайн үнэт цаасны токеныг эзэмшигч нь бидэнд хүсэлтээ өгч брокерын данс руугаа шилжүүлэн авах боломжтой байдлаар шийдсэн билээ. Түүнчлэн сүүлийн үед Ард Санхүүгийн Нэгдэл болон АрдКойны талаар олон нийтэд санаатайгаар илт худал мэдээлэл түгээх, хувьцаа болон АрдКойны үнэ ханшид нөлөөлөх оролдлогуудыг нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар хийж байгаатай бид эвлэрэхгүй бөгөөд 15,000 хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна. |