Гадаад харилцааны яамны өнөөдрийн мэдээллийн үеэр коронавирусийн эсрэг вакцины татан авалтын тухайд албаныхан дараах тайлбарыг өглөө.
Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Файзер вакциныг авахаар хоёр шугамаар ярьж байгаа. Нэгдүгээрт, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт шууд тухайн компанитай холбогдох чиглэлд ажиллаж байна. Энэхүү хоёр шугам болон ЭМЯ гурвын хооронд ирэх 7 хоногт хурал хийгдээд үүний дараа гэрээ хэлэлцээр хийж, 25,740 орчим Файзер вакцин орж ирнэ. Үүн дээр нь суурилаад арилжааны гэрээ хэлэлцээр хийнэ. Вакцины хүртээмж зөвхөн манай улсад гэлтгүй олон улсын түвшинд хүнд байгаа.
Үйлдвэрлэлийн чадавхын асуудал бас бий. Бид Файзертай арилжааны шугмаар ярина. Хэлэлцээр амжилттай болбол тодорхой тоог хэлнэ. КОВАКС-ын хүрээнд АстраЗенека вакцин орж ирнэ. Файзер, АстраЗенека вакциныг гуравдугаар сард багтаж орж ирнэ гэсэн хүлээлттэй байна. АстраЗенека 163-274 мянган тунгийн хооронд тогтоогдоно. Спутник V, Синофармын тухайд ч яриа хэлэлцээр хийгдэж байна” гэлээ.
Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Манай улс Энэтхэгт үйлдвэрлэсэн 150 мянган тун АстраЗенека, БНХАУ-д үйлдвэрлэсэн 300 мянган тун вакциныг мөн хүлээж авсан. Маргаашийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор Спутник V вакцины эхний ээлжийг хүлээж авахаар бэлтгэж байна” гэв.