Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг манай улсад нийлүүлэхэд бэлэн болжээ. Үүнтэй холбогдуулан тус компаниас 2 дугаар сарын 22-ны өдөр өөрийн компани дээр ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.
Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-аас болон төсөл хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцлоо. Хэли-Юнион компанийн тэргүүн Патрик Молис төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ төслийн явцын талаар танилцуулж, уг төслийг бодит ажил хэрэг болгоход Софема групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэв. Уулзалтын дараа Хэли-Юнион компаниас өөрийн үйлчилгээ, засварын газар болон ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзэж танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлээр хэрэгжүүлж буй Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг 2020 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.