Израил улс хоёрдугаар сарын 21-ний ням гарагаас эхлэн хөл хорионы дэглэмээ цуцалсан талаар ВВС мэдээллээ. Тус улсын хүн амын тал хувь нь вакцин хийлгээд байгаа юм.
Спортын танхимууд, зочид буудлууд, сүм хийдээ нээжээ. Олон нийтийн газраар явах иргэд вакцин хийлгэсэн гэрчилгээ эсвэл эсрэг биет тогтсон тухай бичгээ үзүүлэх ёстой гэнэ. Тэдгээр мэдээллүүд нь Эрүүл мэндийн яамнаас захиалж хийлгэсэн гар утасны тусгай аппликейшнд харагдах аж.
Түүнчлэн Израилд дэлгүүрүүдийг нээх бөгөөд тэдгээрээр үйлчлүүлэхдээ коронавирусийн халдварын эсрэг дархлаатай болсноо заавал нотлох шаардлагагүй гэнэ. Гэлээ ч иргэд урьдын адил зай барих шаардлагатай ба танхимд бүжиглэх, сүм хийдийн багтаамжийн 50 хувиас илүү хүн цуглахыг хориглох юм байна.
Түүний зэрэгцээ Израилд дархлаажуулалтын аян идэвхтэй өрнөж байна. Эрх баригчдын мэдээлснээр хоёр тун вакцины үр дүн 95,8 хувьтай байгаа аж.
Тус улсад халдвар гарснаас хойш 740 мянган тохиолдол бүртгэгдэж, 5500 гаруй хүн нас баржээ. Израилийн эрх баригчид гурван ч удаа хатуу хөл хорионы дэглэм тогтоосон бөгөөд дөрөв дэх удаагаа хөл хорио тогтоохгүй гэж мэдэгджээ.