Худалдаа хөгжлийн банк 200 мянган харилцагчаа үнэ төлбөргүй вакцинд хамруулна гэж мэдэгдлээ.
ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр "Монголчууд бидний үндэсний их баяр цагаан сарын босгон дээр Худалдаа хөгжлийн банкны харилцагчдадаа баяртай сайхан мэдээгээр мэндчилэх болсондоо миний бие баяртай байна. Монгол Улсад цар тахал нүүрлэж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнес хумигдаж эдийн засгийн хямрал болж байгаа энэ хүнд цаг мөчид бид банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд банкныхаа нийт 200 мянган харилцагчдад дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа Астра зенека болон ОХУ-ын Спутник-V вакцины 200 мянган тунг банкны зардлаар ойрын хугацаанд оруулж ирж харилцагчдадаа үнэ төлбөргүй вакцинжуулах болно гэдгээ та бүхэнд дуулгахад туйлын их баяртай байна. Монголын үндэсний хувийн томоохон компаниудыг түүчээлж дэвшил болгоны анхдагч болсон Худалдаа хөгжлийн банк анх удаа энэ том ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэндээ баяртай байна. Ирж буй үхэр жилдээ банкны маань харилцагчид болон монголын минь нийт ард түмэн эрүүл энх байж, ажил үйлс нь бүтэмжтэй байж, эдийн засгийн хямралаас гарч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин тэлсэн сайхан жил болох болтугай гэж ерөөе. Та бүхэн сайхан шинэлээрэй" гэлээ.