Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдсөн ч түүний твиттер хаягийг буцаан сэргээх боломжгүй гэдгийг Twitter компанийн Санхүү хариуцсан захирал Нед Сигал хэллээ. Трампын твиттер хуудас 88 сая дагагчтай байсан юм.
Тэрбээр MSNBC телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид хэн нэгний хаягийг устгасан бол түүнийг дахин сэргээх боломжгүй. Тухайн хүн алдартан, санхүүч, төрийн дээд албан тушаалтан байсан эсэх нь хамаагүй. Манай компанийн бодлого хүн болгонд харилцан адилхан үйлчилнэ" гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын тухайд бид хэн нэгнийг хүчирхийлэлд уриалахыг зөвшөөрөхгүй бөгөөд энэ дүрмийг зөрчсөн хүнийг нийгмийн сүлжээн дэх Твиттер цахим сүлжээнээс хасна. Энэ нь Дональд Трампад мөн үйлчилнэ. Тэрбээр бусад албан тушаалтнуудаас ялгаагүй гэдгийг онцоллоо.
Дональд Трампын твиттер хаягийг өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд хаасан юм. Компанийн зүгээс Ерөнхийлөгч Трамп нийгэмд дахин хүчирхийлэл өдөөх вий гэж болгоомжилж байгаа тул ийн шийдвэр гаргасан гэж тухайн үедээ мэдэгдэж байсан юм.