2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэл даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжиж тодруулбал дөрөвдүгээр түвшинд шилжсэн.
Хөл хорио тогтоосон хугацаанд иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ.
Зөвшөөрөгдсөн 14 салбарын 4 нь хувийн хэвшил бөгөөд эдгээрийн ажилчид ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хамт хувийн автомашинаар хөдөлгөөнд оролцох юм.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёрдугаар сарын 11-ний 02:00 цагийн үед бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамжийг танилцуулах үеэрээ "Нийтийн тээврийн хэрэгслийг тусгай чиглэлд шилжүүлэн зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан албан хаагчдыг зорчуулна. Хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага болон хуулийн этгээдийн ажлын газрын тодорхойлолт, үнэмлэхийг үндэслэн 10-15 хувийг хувийн болон албаны тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахыг ТЦА-ны Замын цагдаагийн газрын дарга Жавхланбаатар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Цогбаатар, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо" гэсэн юм.
Хязгаарлалтын үед төрийн байгууллагын ажилтнуудыг нэгдсэн унаагаар хүргэх бол хувийн байгууллага ажилчдынхаа 10-15 хувиас хэтрүүлэхгүйгээр ажиллуулах бөгөөд хувийн унаагаар хөдөлгөөнд оролцож болно гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өчигдөр мэдээлсэн.
Мөн энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллага ажилчдынхаа 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой. Гэхдээ хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх ажилтны тоо нь байгууллагын нийт ажилтны 15 хувиас хэтэрч болохгүй” гэдгийг УОК-ын хуралдааны үеэр мэдээлсэн юм.
Харин хүндэтгэн үзэх шалтгаантай, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд хамгаалалтад гарч байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хандаж тусламж үйлчилгээг авах зохион байгуулалтыг хийсэн байна.
Томоохон хүнс худалдааны 41 захууд хоёрдугаар сарын 16 хүртэл амарна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед эрүүл мэнд, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, дотоодын цэрэг, сонсогчид, нийслэлийн харьяа зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг дайчлан ажиллуулна. Хамгаалалтад ажиллаж буй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллана. Ингэхдээ найман цагийн хугацаатайгаар ээлж солигдоно.
Энэ үед хорио цээр хязгаарлалтын дэглэм тогтоосон үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилтан албан хаагчдын зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтыг хүргэж байна.