Өчигдөр буюу 02-р сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33-р хороонд гал гарсны улмаас нэг гэр бүлийн 5-13 насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. “Цахим сүлжээнд энэхүү харамсалтай хэргийн тухай буруу мэдээлэл маш их цацагдаж байгаа учраас залруулга хийе” хэмээн тус гэр бүлийн ойрын төрлийн хүн бидэнд хандсаны дагуу манай редакцын сурвалжлах баг түүнтэй очиж уулзлаа.
Тэрээр “Хамаатны залуус маань төрийн байгууллагад хамтдаа ажилладаг. Гурван хүүхэд нь хөдөө эмээ өвөө дээрээ байж байгаад гурав хоногийн өмнө ирсэн. Хөдөө теле хичээлээ үзэх боломжгүй байснаас 122 дугаар сургуулийн багш “Хүүхдээ заавал теле хичээлд хамруул, даалгаврыг нь шалгуул, идэвхтэй бай, үгүй бол сургуулиас хасна” гэсэн болохоор хөдөө байсан хүүхдүүдээ буцаад хотод аав ээж дээрээ ирсэн. Өчигдөр эцэг эх нь төрийн албан хаагч зайлшгүй коронавирусийн PCR шинжилгээ өгөх ёстой гэсний улмаас шинжилгээ өгөхөөр гэрээсээ хамтдаа машинтай ойрхон байх шинжилгээний цэг рүү гарсан. Тэд гэрээсээ 5 минут ч болоогүй гал гарсныг мэдээд эргэж ирсэн. Шинжилгээ өгөх газраа очихоор явж байхад араас нь том хүү нь залгаад эргээд утастахад утас нь холбогдохгүй шууд буцаж ирсэн. Бид галыг унтраахаар оролдсон ч хүүхдүүдийн амь насыг аварч чадсангүй.
Цахимаар бичээд байгаа шиг тэд хүүхдүүдээ гэрт нь түгжээд гараагүй. Хоёр бага нь унтаад том нь сэрүүн үлдсэн юм билээ. Том хүү нь гал гарахад гэрээсээ гүйж гарч ирээд тусламж дуудан буцаж дүү нараа авахаар ороод галаас гарч чадалгүй харамсалтайгаар амиа алдсан. Галын машин дуудлага өгснөөс 11 минутын дараа ирсэн ч хэдийнээ гэр шатаад дууссан. Өвлийн дулаалгатай монгол гэрийг өргөж дийлэхгүй юм билээ. Ус цацан гэрийг нь араас нь хөмрөх гэж оролдсон ч чадаагүй. Одоо хоёр дүү маань хүүхдийнхээ араас үхье гээд амиа хорлоход ч бэлэн маш хүнд байгаа.
Төрийн дунд шатны бодлого, бодлого хэрэгжилт үнэхээр дутуу дулимаг байна. Сошиалаар аав ээжийнх нь буруу хэмээн маш их мэдээ цацагдаж байна. Юугаар ч үнэлшгүй үнэт эрдэнээ алдсан эцэг эхийг битгий тавлаасай” хэмээн ярьсан юм.
33-р хорооны Засаг дарга Э.Тэмүгэ “Галын дуудлага аваад манай хорооны ажилтан, нийгмийн ажилтан бүгд очсон. Үйл явдал маш хурдан болж өнгөрсөн, галыг унтраахыг оролдож хичээсэн. Манай дүүрэг болон хорооны зүгээс бүхий л чадах зүйлээрээ туслахыг хичээж байна. Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэв.