Зам тээврийн дэд сайд асан, “Шилэн” гэдэг тодотголоор нь хүмүүс сайн мэдэх Б.Цогтгэрэл Монголбанкны 300 сая төгрөгийн фитнесийн төхөөрөмж худалдан авах тендерийн мэдээллийг дэлгэлээ.
Б.Цогтгэрэл бичихдээ, “Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь өөртөө зориулж 300 сая төгрөгийн үнэ бүхий фитнессийн тоног төхөөрөмж авахаар тендер зарлажээ. Гүйлтийн зам, Wifi-LCD гүйлтийн зам гэх мэт. Монголчууд талбай дээр цалингүй болоод шатаж үзэж байхад арай тансаг уу!?” гэжээ.
Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн төрийн байгууллагууд танаж болох бүхнээ танан тэр байтугай их, дээд сургуулийн оюутнуудад олгохоор яригдаж байсан “Оюутны зээл” хүртэл гацаанд орж тэд сургуулиасаа жилийн чөлөө аваад байхад энэ мэт худалдан авалт хийх нь хэр зохимжтойг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлах болов уу.
Өдгөө фитнесс клубүүд цар тахлын улмаас үүдээ барин түрээс, ажилтнуудынхаа цалингаа тавьж чадахгүйд хүрч, боловсон хүчнээ алдаж байхад Монголбанк чоно борооноор гэгчээр 300 сая төгрөгөөр фитнессийн тоног төхөөрөмж авахаар тендер зарлаж үрэлгэн загнах цаг нь биш байлтай.