“Сэвшээ Эко” ХХК-ийг үүсгэн байгуулагч Бадам.Билгүүнтэй шинэ бизнесийнх нь талаар ярилцлаа. Тэрээр нийслэлийн орон сууцанд амьдардаг иргэдэд тулгамдаад байгаа өрөөний агаар сэлгэгчийг сайжруулах тал дээр ажиллан БНХАУ-д Оюуны өмчийн газраас энэ чиглэлийнхээ дагуу суурилуулалтын бүтээгдэхүүний патентын эрхийг нь аваад байгаа юм байна.
Тэрээр өөрт тулгамдсан асуудлын хүрээнд гадаадын зах зээлийг судалснаар шинэ ажлынхаа эхлэлийг тавьжээ.
“Монголын зах зээлд зориулсан гаднах агаарыг шүүгээд халаагаад гэрт оруулж ирдэг агаар сэлэгч Монголд зориулсан бүтээгдэхүүн гаргах гээд ажиллаж байгаа. Айлуудад агааржуулалтын хоолой суурилуулахад нэлээн том нүх гаргадаг. Айлууд ханандаа тийм нүх гаргах сонирхолгүй байдаг учраас цонхны шилэнд нүх бэлдэж айлуудад тавьдаг. Энэ арга нь Улаанбаатар шиг жижиг зах зээлд боломжтой боловч яг ижил асуудалтай Хятадын зах зээлд үнэ, хугацаанаас хамаараад нэлээн асуудалтай байсан. Хятадын зах зээлийг судлаад газар дээр нь шилийг орлуулах поликорбонат гэдэг материал гарчихсан учраас тэрийг газар дээр нь айлуудад угсраад шил шиг гэхдээ нүхтэй бэлдэц хийх аргын санаа олсон” хэмээн патентынхаа талаар тодотголоо.
Тэрээр ковидоос болоод хөрөнгө оруулалт дээрээ гацаад яг ямар газар үйлдвэрлэх, ямар сувгаар борлуулах гэх мэт төлөвлөгөө зохиочихсон ч хөрөнгө оруулалт хайж байгаа юм байна. Тиймдээ ч хөрөнгө оруулалт олбол ажил эхлэхэд бэлэн тухайгаа хэлсэн юм.
“Патент авсан хойно оюуны өмчөөр ажилладаг хүмүүсээс асуухад Монголоос бол гадаадад эрдэм шинжилгээний ажил хийж байгаа хүмүүс патент авдаг. Гэхдээ яг инженер биш хүн өөрөө хөөцөлдөж байгаад патент авсан тохиолдолд олон сонсож байгаагүй гэсэн.
Ямар ч гэсэн угтаж ажиллах ёстой болохоор бэлдээд явж байгаа. Туршилтын загвар гаргаад туршаад болж байвал харилцагчид даа үзүүлээд тэд бас туршиж үзнэ. Бизнесийн зарчмаар л явна. Манайх патенттай гэхээр маркетинг талаасаа том хөшүүрэг. Одоо энэ төсөл дээр хөрөнгө оруулагч хайж байгаа. Хятадын зах зээлд маркетингтай бизнес хийж байгаа хүмүүсийг хайж байна. Хятадын зах зээлийн талаар туршлагатай мэдлэгтэй хүн байвал бид хамтарч ажиллахад бэлэн байгаа” хэмээн онцоллоо.