Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд-Ар хорооллын 11А байранд өчигдөр гал гарч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 1, 2, 3 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж галыг унтраасан.
Гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 11 хүүхэд 43 иргэнийг гаргаж, амь насыг авран хамгаалсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл одоог хүртэл гал түймэр гарсан байр цахилгаангүй 69 айл хүндхэн нөхцөлд байгааг манай сурвалжлах баг газар дээр нь очиж нөхцөл байдлыг тодрууллаа.
Богд-Ар хорооллын 11А байрны найман давхрын цахилгааны шийдэнд гал гарснаар тухайн давхрын айлуудын хаалга шатаж жийрэг резин нь хайлан хаалгаа ч хааж чадахгүй байдалд хүрсэн байна. Тиймээс өнөөдөр тухайн давхрын зарим айлууд шинээр хаалга хийлгэсэн гэртээ цэвэрлэгээ хийж байгаагаа учирлалаа. Уг байрны СӨХ иргэдэд цахим хуудсаар дамжуулан үүсээд байгаа нөхцөл байдлын талаар товч мэдэгдэл гаргасан байна. Гэхдээ тухайн байрны цэвэрлэгээг хоёр жижүүр л хийж байсан бөгөөд оршин суугчид ч өөрсдөө коридороо угааж цэвэрлэгээний ажилд тусалж байсан юм.
Гал цахилгааны шийдэнд гарахад уг шийд бүхий хэсэгт цахилгааны утаснуудаас гадна дугуй зэрэг шатамхай зүйл хураасан байсан учраас ийнхүү галын дараа их хэмжээний утаа тортог тогтсон талаар оршин суугчид ярьсан юм. Галыг унтраахын тулд цахилгааны шийд рүү ус цацсан учраас цахилгаан холболтын утаснууд норон өчигдрөөс хойш 69 айл цахилгаангүй байна. Хорооны ажилтан нөхцөл байдалтай танилцаж явж байхтай таарсан ч тэрээр мэдээлэл өгөхгүй дүүргийн онцгой комисс асуудлыг мэдэж байгаа газар дээр нь ирж нөхцөл байдалтай нь танилцаж байна гэх тайлбарыг хэллээ.
Иргэдийн хувьд цахилгааны утсыг бүрэн хатсаны дараа шийд солих учраас цахилгаангүй хэд хонох хэн хэзээ засах нь тодорхойгүй байгааг учирласан юм. Гал түймрийн улмаас хүний амь нас сүйдээгүй ч өвлийн хүйтэнд цахилгаангүй байранд айлууд өрхүүд хүндхэн нөхцөл байдалтай тулгараад байна.