БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 1-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс Монгол болон бусад хөгжиж буй орнуудад вакцины тусламж үзүүлж байна гэлээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын тал Ши Жиньпин даргын чухал мэдэгдлүүдийг ямагт бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлдэг. Тодруулбал, Хятад улс "Covid-19-ийн эсрэг вакцинаа амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлсэн даруйд үүнийг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, үнийн боломжит вакциныг нийлүүлэхэд хувь нэмрээ оруулна" гэдгээ хэлж байсан, үүнийгээ ч хэрэгжүүллээ.
Нэгдүгээрт: Хятад улс Пакистанаас гадна Бруней, Непал, Филиппин, Мьянмар, Камбож, Лаос, Шри Ланка, Монгол, Палестин, Беларусь, Сьерра Леоне, Зимбабве, Экваторын Гвиней зэрэг 13 хөгжиж буй оронд вакцин хандивлаж байгаа. Дараагийн шатанд бид вакцин хэрэгтэй байгаа 38 хөгжиж буй оронд вакцин хандивлана. Мөн бид ДЭМБ-аас хэрэгжүүлж буй "COVAX" хөтөлбөрт идэвхтэй оролцож, хөтөлбөрөөр дамжуулан хөгжиж буй орнуудыг вакцинаар хангахаар ажиллаж байна.
Хоёрдугаарт: Хятадын тал дотоодын аж ахуйн нэгжийг өөрсдийн гадаадын түнш байгууллагатай вакцины хамтарсан судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжих бөгөөд одоогоор Хятадын Sinopharm групп, Sinovac Biotech компанийн вакциныг Арабын Нэгдсэн Эмират Улс , Марокко, Индонез, Турк, Бразил, Чили зэрэг эмнэлзүйн туршилт хийж буй орнуудад экспортолсон байна.
Гуравдугаарт: Хятадын тал холбогдох аж ахуйн нэгжийг вакцин яаралтай хэрэгцээтэй байгаа, Хятадын вакциныг хүлээн зөвшөөрсөн, Хятадын вакциныг өөрийн оронд яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн орнуудад вакцин экспортлохыг дэмжинэ. Жишээлбэл, Хятадын компанийн Сербид экспортолсон вакцин саяхан тээвэрлэгдэн хүрсэн бөгөөд Сербид вакцинжуулалтыг хийж эхэлсэн. Хятадын вакциныг дотооддоо зөвшөөрөн хэрэглэж буй орнууд нэмэгдсээр байна.
Дөрөвдүгээрт: Цар тахалтай тэмцэхийн тулд олон улс хамтарч хичээх хэрэгтэй. Хятадын тал өөрийн бололцооны хүрээнд холбогдох улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудад нэн даруй вакцины туслалцаа үзүүлэх ба хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бүрдүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулах болно. Дэлхий дахинд вакцины тэгш хуваарилалт, хэрэглээг дэмжиж, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, боломжит нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө олон улс хамтран хичээнэ гэдэгт бид найдаж байна.
Эх сурвалж: Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам