Энэ долоо хоногт төрийн эргэлт хийж, Аун Сан Су Чи тэргүүтэй удирдагчдыг баривчилсан Мьянмар улсын цэргийн хүчнийхэн тус улсын нутаг дэвсгэрт Фэйсбүүкийг хаажээ. Энэ үйлдлээ тэд "тогтвортой байдлыг хангахын тулд" хэмээн тайлбарласан байна.
Мьянмарын харилцаа холбоо, мэдээллийн сайдын хэлснээр хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл энэ хязгаарлалт нь хүчин төгөлдөр хэрэгжих талаар ВВС мэдээллээ.
53 сая хүн амтай Мьянмар улсын иргэдийн тал хувь нь Фэйсбүүк хэрэглэдэг байна. Тус улсын ихэнх оршин суугчдын хувьд энэ нь интернэт дэх цорын ганц нийгмийн сүлжээ болжээ. Төрийн эргэлтийн дараа цэргийн дэглэмийг эсэргүүцэгчдийн нэгтгэх гол талбар нь Фэйсбүүк байсан аж.
Үүний зэрэгцээ ажлаасаа халагдсан хууль тогтоогчид төрийн эргэлтээс өмнө энэ долоо хоногт хийхээр товлосон байсан парламентын чуулганаа эхлүүлснээ зарласан байна. Мьянмарын Янгон хотод цэргийн хүчнийхэн болон энгийн иргэд хооронд мөргөлдөөн гараад байна.