ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмирийн хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм.
Кевейтийн 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
Хоёр орны Засгийн газар хооронд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтын сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд маш амжилттай үргэлжилж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ тодотгов.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Монголд баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил гэхэд 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орох юм. Мөн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэх төсөл төлөвлөгөөний дагуу амжилтай үргэлжилж байгааг дурьдлаа.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн хязгаарлалтын улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлуудыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхитэй хамтарч ажиллахад талууд санал нэгдэв.
Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийг харилцааг идэвхижүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Кувейт болон Булангийн орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаатай холбоотой аливаа санал, санаачилга, боломжуудыг ирэх дөрвөн жилд бодит ажил болгоход талууд анхаарал хандуулахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзав. Тэрээр Засгийн газрын бодлого, зорилт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Иргэдийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Дарьганга сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбох, хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх төв болон жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хүрээлэн байгуулах, аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөх хүүхдүүдийг аль болох олноор нь тэтгэлэгт хамруулж ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулах хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, зарим асуудлыг судалж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэдгээ хэлэв. Ерөнхий сайд энэ өдөр аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарынхан болон бизнес эрхлэгч нартай уулзсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.