Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр барилгын салбарт төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх өглөөний уулзалт зохион байгуулж Засгийн газрын гишүүд болон барилгын компаниуд зөвлөлдлөө.
Энэ үеэр "Эрэл" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат "Эрэл компани нь социализмын үед Улаанбаатар хотын ихээхэн хувийг барьж байгуулахад оролцсон, барилгын материал, байшин үйлдвэрлэлийн комбинат юм. Өмнө нь зөвхөн угсармал барилга барьдаг байсан бол одоо бүх төрлийн барилгыг иж бүрнээр нь барина. Хот, тосгон барих үйлдвэр гэсэн үг.
Харамсалтай нь, үйлдвэр 2017 оны арванхоёрдугаар сарын 15-нд ашиглалтад орсон ч гурван жил захиалга байхгүй, ажилгүй байна. 500 гаруй хүнийг бэлдсэн. Герман технологиор -35-аас -50 градусын хүйтэнд дулаан алдагдлыг багасгах, 8-9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй үйлдвэрийн хийц эдлэлээр барилга барих юм. Үйлдвэр маань жилийн бүх өдөрт 24 цагаар ажиллаж, барилгын материал үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид зөвхөн материалыг үйлдвэрлэж, угсралтын компаниуд угсралтаа хийгээд явах боломжтой.
Бид өндөр ашиг харахгүй, ашиггүй ажилласан ч болно. Төр, хувийн хэвшлийн түншлэл болгоод, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах урсгал зардал, эх үүсвэрийг шийдээд өгвөл ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө буяны ажил хийгээд үзэхэд бэлэн байна" хэмээлээ.