2021 оны нэгдүгээр сараас Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувь (Ажил олгогч: 13.5 хувь; Хувь хүн: 12.5 хувь) болгосноор шат дараатайгаар 5 хувь нэмэгдүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дууссан талаар бид мэдээлсэн. Энэ асуудлын хүрээнд иргэдийн санал бодлыг сонслоо.
Сонгино хайрхан дүүргийн 15 дугаар хорооны иргэн Э. Баярцогт:
Татвараар төрд дарамтлуулсаар байгаад л таарч байна. Өөр яах вэ дээ. Нийгмийн даатгалыг зээл авахын тулд л төлдөг. Өөрөөр ашиг шимийг нь үзэж байгаа юм алга. Жил болгон л нэмэгдүүлээд байх юм. Сард 1 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг. Түүний 400 мянгыг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг. Цар тахлын энэ үед ямар ч үр дүнгүй байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны иргэн Ж. Нансалмаа:
Буруу байх аа. Энэ хүнд үед нэмж болохгүй. Хүмүүсийн амьдрал хэцүү байгаа. Карентинд ороод 80 хоног зогслоо. Одоо дахиад 16 хоног 0 зогсолт хийнэ гэж байна. Тэгэхээр бид яаж нийгмийн даатгалаа төлөх юм. Төлөх боломж байхгүй шүү дээ. Энэ бол буруу бодлого.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн О.Дуламсүрэн:
Иргэдийн амьдрал хэцүү байгаа шүү дээ. Тэр тусмаа цар тахлын үед нэмэгдэх нь буруу гэж бодож байна.