Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөн тул “Шивээ-Овоо” -гийн уурхайн нүүрс олборлолтын хэмжээ 76,0 мян.тн, хөрс хуулалт 330,0 мян.м3-ээр тус тус өссөн байна.
Өвлийн оргил ачааллын энэ үед нүүрс олборлолт, борлуулалт ба нийлүүлэлт нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн тул түүнийг хүндрэлгүй даван туулах үүрэг бидэнд тулгарч, зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй төлөвлөн зохион байгуулснаар нүүрс борлуулалтын төлөвлөгөө 2020 оны арваннэгдүгээр сард 111,6 хувь, арванхоёрдугаар сард 113,5хувь, 2021 оны нэгдүгээр сард өнөөдрийн (2021.01.25) байдлаар 101 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж төвийн эрчим хүчний систем болон орон нутгийн дулааны станцуудын хэрэглээг хангаж байна. Төлөвлөгөөт зорилтоо биелүүлэхэд 2020 онд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдсэн техник шинэчлэлт үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Техник шинэчлэлтийн хүрээнд уул уурхайн шалгарсан техник болох KOMATSU брэндийн өндөр бүтээлийн технологийн авто машин тав, гидроэкскаватор нэг ширхэгийг ажилд оруулаад байна. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа, нүүрс олборлолтын төлөвлөгөө, нийт уулын цулын ажил нэмэгдсэн, цар тахлын нөхцөл байдал зэргээс шалтгаалсан хүндрэлүүд гарч байгаа боловч “Шивээ-Овоо” ХК нь бүхий л боломжоо ашиглан эх орныхоо төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээг тасралтгүй хангах зорилт тавин, хүлээсэн үүргээ биелүүлэн, зогсох эрхгүйгээр ажиллаж байна.
Эх сурвалж: Эрдэнэс Монгол