“Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын дунд “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг эхлүүллээ. Тус аяныг ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Баян зам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийн мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх, нарийн мэргэжлийн үзлэгт хамруулна. Мөн 400 гаруй нүүрс тээвэрлэгч жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийх юм.
“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяны нээлт Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж нээлтийн арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн салбарын захирал Н.Эрдэнэхуяг, ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон болон бусад аж ахуйн нэгж байгууллага, нүүрс тээвэрлэгч жолооч нарын төлөөлөл оролцлоо.
Аяныг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны хооронд зохион байгуулна.