УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан тухай өнөөдөр мэдээллээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй энэ хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Б.Пүрэвдорж энэ хугацааг таван жил болгон бууруулахаар төсөл санаачилжээ. Ингэснээр шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Тэрээр өмнө нь Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төслөө өргөн барьсан. Түүнчлэн энэ мэт иргэдийн аж амьдралд бодит хэмнэлт гарахуйц 10 хуулийн төсөл санаачилж, өргөн барина гэдгээ мэдэгдээд байгаа юм.